Мэдээ мэдээлэл
“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Б. ДӨЛГӨӨН S&P GLOBAL COMMODITY INSIGHTS-ЫН УРИЛГААР ЯРИЛЦЛАГА ӨГЛӨӨ
2025-05-30 18:29:21

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б. Дөлгөөний S&P Global Commodity Insights-д өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
Геополитикийн хурцадмал байдал, БНХАУ-ын нүүрстөрөгчийн хэрэглээг бууруулах бодлогоос үүдэн дэлхийн металлургийн нүүрс, төмрийн хүдрийн зах зээлд 2024 онд томоохон өөрчлөлтүүд гарч байна.
- БНХАУ-ын коксжих нүүрсний хамгийн том нийлүүлэгч болсон Монгол улс коксжих нүүрсний фьючерсийн гэрээг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар нэвтрүүлэхээр төлөвлөж, дэлхийн зах зээлд нээлттэй болгохоор төлөвлөж байна.
- Австрали улс нь нүүрсний хэрэглээ өсөн нэмэгдэж буй орнуудад ойр байршилтай ба олон ангиллын нүүрс худалддаг давуу талуудаараа зах зээлийн гол тоглогч хэвээр байна. Австралийн үйлдвэрүүд БНХАУ-ын гангийн салбар дахь нүүрстөрөгчийг бууруулах зорилтод нийцүүлэн байгальд ээлтэй төмрийн үйлдвэрлэлд төвлөрч ажиллаж байна.
- БНХАУ нь дэлхийн коксжих нүүрсний худалдааны чиг хандлага АНУ-ын металлургийн нүүрсэд тариф тогтоосноор өөрчлөлт оруулж, Энэтхэг Улсыг далайн тээврийн нүүрсний зах зээлд томоохон тоглогч болоход нөлөө үзүүлж байна.
Хувьсаж буй зах зээл, нөлөөлөх гол хүчин зүйлсийг судлах зорилгоор S&P Global Commodity Insights-ийн сурвалжлагчид тус салбарын дэлхийн таван томоохон удирдагчтай ярилцлага хийсний нэг нь “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Баасандаваагийн Дөлгөөн байлаа.
“Энэтхэг рүү нүүрс худалдах боломж нь арбитраас хамаарна. Хэрэв Энэтхэгийн боомтуудын нүүрсний үнэ БНХАУ-ын боомтын үнээс өндөр байвал арилжааны компаниуд Монголын нүүрсийг сонирхох магадлалтай.”
-Монгол Улсын коксжих нүүрсний олборлолт хэмжээ одоогийн байдлаар ямар түвшинд байгаа вэ? Ирэх 3–4 жилд арилжааны хэмжээг нэмэгдүүлэх, зах зээлээ өргөжүүлэх төлөвлөгөө бий юу?
-2024 онд Монгол Улсын коксжих нүүрсний олборлолт ойролцоогоор 85 сая тонн-д хүрсэн бөгөөд нүүрсний салбар олборлолтоо нэмэхээр төлөвлөж байгаа тул ирэх жилүүдэд энэ хэмжээ нэмэгдэх төлөвтэй байна.
Монгол улсад коксжих нүүрсний зах зээлийг тэлэх асар их боломж байгаа. Манай улсын хувьд газар нутгийн багахан хувь л судлагдсан, геологийн судалгаа хязгаарлагдмал, хүлээлтээс доогуур байгаа тул гадаадын хөрөнгө оруулагчдыг судалгаа хийж үзэхийг санал болгож байна. Хэдийгээр олон уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа ч коксжих нүүрсний чанарыг сайжруулахад анхаарал хандуулж, баяжуулах үйлдвэрүүдэд хөрөнгө оруулах шаардлагатай. Ингэснээр нэмэлтээр уурхайгүйгээр коксжих нүүрсний нийт олборлолтын хэмжээг өсөх боломжтой байна.
-Монгол Улсын экспортод БНХАУ томоохон үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ бусад улс орнууд Монголын нүүрсийг сонирхож байна уу? Ойрын ирээдүйд бусад орны зах зээлд Монгол Улсын экспорт нэмэгдэнэ гэж та харж байна уу?
-Энэ бүхэн нүүрсний үнээс л хамаарна. Хэрвээ 2021–2024 оны хооронд ажиглагдсан шиг үнийн өсөлт болбол боломж бий. Харин үнэ Цар тахлаас өмнөх үеийнх шиг доогуур түвшинд хүрвэл БНХАУ, ОХУ-аас цаашаа тээвэрлэхэд хүндрэлтэй. Нүүрсний үнэ нь тээврийн зардлаас ихээхэн хамааралтай байдаг ба бидний зорилго бол олон улсад хүрэхээс илүүтэй нүүрсний тонн тутмаас хамгийн өндөр ашиг хүртэх юм.
-Нүүрсний тээвэрлэлт Монгол Улсын хувьд хамгийн том сорилт болж байгаа. Ирээдүйд тээвэрлэлт илүү хялбар болох уу? Үнэ тохирвол БНХАУ-аас өөр зах зээл рүү нүүрс экспортлох боломж харагдаж байна уу?
-Монгол Улсын БНХАУ-ын хооронд нүүрс тээвэрлэх нь илүү хялбар болж байна. Монгол Улсын хамгийн том газрын боомт, БНХАУ-ыг холбосон төмөр зам баригдаж байгаа ба ингэснээр нүүрсний тээвэрлэлтийн хэмжээг жилд 15 сая тонноор нэмэгдүүлэх боломжтой.
-Энэ төмөр замын шинэчлэл нь энэ жил болон ирээдүйд БНХАУ руу экспортлох Монгол Улсын коксжих нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх үү?
-Мэдээжийн хэрэг тэгнэ гэж найдаж байна. Хэрвээ төлөвлөгөөний дагуу гүйцэтгэл сайн байж чадвал 2025 онд БНХАУ руу 80 сая тонноос давсан экспорт хийх боломжтой.
-Энэтхэг бол далайн тээврийн нүүрсний хамгийн том импортлогч орон. Сүүлийн жилүүдэд эрэлт нь эрс өссөн. Монгол Улсын нүүрс экспортлогчид Энэтхэг рүү нүүрс тээвэрлэвэл ашигтай юу?
-Энэтхэг улс Монголын нүүрсийг худалдаж авах сонирхлоо илэрхийлсэн. Гэхдээ БНХАУ эсвэл ОХУ-аар дамжуулах эсэх, хамгийн ойр Энэтхэгийн боомт хүрэхэд эдийн засгийн хувьд ашигтай байх уу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Эдгээр тооцоолол одоогоор хийгдээгүй байна.
Мөн Энэтхэг рүү нүүрс худалдах боломж нь арбитраас хамаарна. Хэрэв Энэтхэгийн боомтуудын нүүрсний үнэ БНХАУ-ын боомтын үнээс өндөр байвал арилжааны компаниуд Монголын нүүрсийг сонирхох магадлалтай. Нүүрсний үнэ болон газрын тосны үнэ буурч байгаа нь тээврийн зардлыг бууруулах боломжтой. Иймд зөвхөн Энэтхэг ч бус дэлхийн зах зээлд ч нэвтрэх боломж гарч байна.
-Монгол Улсын коксжих нүүрсний арилжааны ирээдүйг тодорхойлоход “Монголын хөрөнгийн бирж” ХК ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Коксжих нүүрсний фьючерс нэвтрүүлэх төлөвлөгөө бий юу?
-Бид чанар, ил тод, шударга байдлыг баталгаажуулсан олон улсын стандартад нийцсэн бирж байхыг зорьж байна. Манай бүтээгдэхүүний арилжааны платформ нь дотоодын болон БНХАУ-ын компаниуд төдийгүй олон улсын бүх оролцогчдод нээлттэй.
Коксжих нүүрсний хувьд, МХБ нь уул уурхайн бүтээгдэхүүнийг спот болон форвард гэрээгээр арилжих боломжийг бүрдүүлж байна. Монгол Улсад бүтээгдэхүүний арилжаа хоёрхон жилийн өмнөөс эхэлсэн ба бид одоогийн байдлаар цөөн хэдэн санхүүгийн байгууллагатай хамтран бат бөх суурийг бий болгохоор зорьж байна.
Зах зээл хөгжихийн хэрээр фьючерсийн гэрээг нэвтрүүлэх боломжтой болно. Миний харж байгаагаар, ирэх гурван жилийн дотор коксжих нүүрсний фьючерс нэвтрүүлэх боломжтой гэж үзэж байна.
Тэр хүртэл бид зах зээлийн жижиг саад бэрхшээлийг шийдвэрлэхэд анхаарч байна. Ингэснээр худалдагч ба худалдан авагчид одоо зах зээлд нэвтэрсэн хэрэгслүүдэд сэтгэл хангалуун байх боломжийг бүрдүүлэх ба цаашид фьючерс шат дараатай, тогтвортой байдлаар нэвтрүүлэх боломж бүрдэнэ.



“ЭНЕРЖИ РЕСУРС” ХХК-ИЙН НҮҮРСНИЙ ДУУДЛАГА АРИЛЖААНЫ ҮНЭ ӨӨРЧЛӨГДЛӨӨ
2025-05-26 11:56:45




МЭДЭГДЭЛ
2025-04-29 15:29:13


